Монголын дээд боловсролын байгууллагуудын дижитал шилжилтийн бодит хэрэгжилт, технологийн хөгжилд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилготой “DIGITAL WEEK – 2025” арга хэмжээ 2025 оны 12 дугаар сарын 4–5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.
Европын холбооны Эрасмус+ хөтөлбөрийн санхүүжилттэй “DIGITAL MOVE” төслийн хүрээнд зохион байгуулагдсан уг арга хэмжээг төслийн ерөнхий зохицуулагчаар 2023 оноос ажиллаж буй СИТИ их сургууль Монгол дахь түнш байгууллагууд болох Дархан-Уул аймаг дахь ХААИС-ийн Агроэкологи, Бизнесийн сургууль, Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Оточ Манрамба их сургуультай хамтран зохион байгуулсан юм.

“Digital Innovation & Education” – Дижитал шилжилтийн бодит шийдлүүд
Арга хэмжээний эхний өдөр буюу 12 дугаар сарын 4-нд СИТИ их сургуулийн байранд “Digital Innovation & Education” сэдвийн хүрээнд өргөн хүрээтэй хэлэлцүүлэг, илтгэлүүд өрнөлөө. Нээлтийн ёслолын дараа СИТИ их сургуулийн Сургалт, гадаад харилцаа эрхэлсэн захирал, “DIGITAL MOVE” төслийн ерөнхий зохицуулагч “Дээд боловсролын салбар дахь цахим шилжилт” сэдвээр гол илтгэл тавьж, дижитал шилжилтийн өнөөгийн байдал, сорилт, цаашдын чиг хандлагыг онцолсон юм.

Хөтөлбөрийн хүрээнд:
- Хиймэл оюуныг сургалтын контент бүтээхэд ашиглах боломж,
- Цахим сургалтын экосистемийг хөгжүүлэх шийдлүүд,
- E-Mongolia системийн дээд боловсролын салбар дахь хэрэглээ,
- Мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн хамгаалалтын асуудал зэрэг сэдвүүдийг мэргэжлийн байгууллага, их сургуулиудын төлөөлөл бодит туршлага, кейс дээр тулгуурлан хэлэлцлээ.
Тухайлбал, И-Монголиа системийн төлөөлөгчид цахим үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр илтгэл тавьж, Egune Chat компанийн зүгээс боловсролын салбарт хиймэл оюуныг үр ашигтай нэвтрүүлэх практик арга замыг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татсан юм.

Туршлага, кейс, бэлэн байдлын үнэлгээ
Үдээс хойших хөтөлбөрөөр хамтрагч их сургуулиуд дижитал шилжилтийн стратеги төлөвлөгөө боловсруулах, цахим сургалтын төв байгуулсан туршлага, процессын дахин загварчлал, дижитал шилжилтийн бэлэн байдлын үнэлгээний арга зүй зэрэг бодит кейсүүдийг танилцууллаа. Эдгээр илтгэлүүд нь дээд боловсролын байгууллагууд дижитал шилжилтийг зөвхөн технологийн түвшинд бус, удирдлага, процесс, хүний нөөцийн цогц шинэчлэлтэй уялдуулах шаардлагатайг онцолсон ач холбогдолтой байв.

Хамтын ойлголцол, ирээдүйн хамтын ажиллагааны суурь
“DIGITAL WEEK – 2025” арга хэмжээ нь дээд боловсролын салбарын дижитал шилжилтийн нэгдсэн ойлголтыг бий болгох, их сургуулиудын инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сургалтын шинэ технологи, хиймэл оюуны хэрэглээг бодитойгоор нэвтрүүлэх чухал талбар боллоо.
Арга хэмжээ хоёр дахь өдрөө “Digital Skills & Creativity” сэдвийн хүрээнд үргэлжилж, оролцогчид стратеги төлөвлөлт, багийн дадлага ажил, оюутны “DIGITAL MOVE DATA ANALYTICS MINI CHALLENGE” тэмцээнээр дамжуулан дижитал ур чадвараа хөгжүүлсэн юм.










